SKU гэж юу вэ?

SKU (Stock keeping unit) буюу утгачилбал бараа бүртгэх нэгж буюу барааны нэр төрөл гэж болох энэ үг худалдаа, үйлчилгээ төдийгүй үйлдвэрлэлийн салбарт түгээмэл хэрэглэгддэг.

Товчхондоо бол 1 төгрөг 100 мөнгө болж задардаг ба 1 мөнгө нь Монгол улсын мөнгөн тэмдэгтийн хувьд хамгийн доод задрах түвшин болдог. Үүн шиг бүтээгдэхүүний нэр төрөлд хамгийн доод нэгжийг SKU гэж нэрлэнэ.

Жишээлбэл: Оргилуун ундааны Coca-Cola брэнд хэдэн SKU-тэй вэ? гэвэл… Монголын зах зээл дээр одоогоор савлагааны төрөл, савлалтын хэмжээнээс хамаарсан 7 SKU буюу нэр төрөл байна.

Coca-Cola, хуванцар савтай, 2л
Coca-Cola, хуванцар савтай, 1.25л
Coca-Cola, хуванцар савтай, 0.9л
Coca-Cola, хуванцар савтай, 0.5л
Coca-Cola, хуванцар савтай, 0.3л
Coca-Cola, лаазтай, 0.33л
Coca-Cola, шилтэй, 0.25л

SKU нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүн бус бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний дахин давтагдашгүй хувилбар тул бүртгэл тооцоо, борлуулалтын нэгдсэн систем өргөн хэрэглэгддэг. Олон улсын худалдааны байгууллагын тавигддаг шаардлагын дагуу аливаа үйлдвэрлэгч компани барааны тэмдэгтийн код (barcode)-ийг нэр төрөл бүрт тусгайлан гаргах шаардлага тавидаг.

Тэгэхээр худалдаа эрхлэгч та, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч та бүртгэл тооцоо хөтлөхдөө SKU мэдээлэл хүртэл задалж хөтөлж байвал санхүү болон бараа бүртгэл тань илүү бодитой, үр өгөөжтэй байх.

Тухайлбал:

Танай дэлгүүр нийт хэдэн SKU бүтээгдэхүүн худалдаалдаг вэ?,
Танай үйлдвэр/компани нийт хэдэн SKU бүтээгдэхүүнтэй вэ?, хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй вэ? гэсэн асуултуудын хариулт хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийн салбарынханд сонирхолтой үзүүлэлт юм. Учир нь энэ үзүүлэлт танай дэлгүүр, үйлдвэрийнн цар хэмжээг тодорхойлж өгч буй нэг үзүүлэлт болж чаддаг.

Та энэ талаар цааш нь дэлгэрүүлж судлаарай гэж хүсье. SKU